Wednesday, March 19, 2014

Гэрэл

Гэртээ ирээд аялалын тоосоо гөвж байна, хэхэ. Цүнхнээс маань эдгээр 2 өдөр уулзсан хүмүүсийн нэрийн хуудсууд гарч ирэв. Уулзсан хүмүүсээс зэрэг зиндаа, одоогийн байр сууриараа хамгийн дээгүүрт үнэлэгдэх нэгэн удирдагч надад бусдаас илүү сэтгэгдэл үлдээжээ. Гаднаасаа удирдагч хүнийг би ямраар төсөөлдөг, тийм л төрхтэй, өндөр нуруутай, буурал үстэй, нүдэнд дулаахан, өөртөө итгэлтэй, тусгаар нэгэн. Түүний хийж бүтээсэн зүйлстэй танилцаж, бас хувийн амьдралынх нь талаар нэгэн түүхийг сонсоод түүний гайхалтай итгэл үнэмшил, бусдын төлөөх, нийгмийн төлөөх чин сэтгэл, бас хэнээс ч гарамгүй аугаа зоригийг нь бишрэн үлдэв. Би тухайн уулзалтад чухал хүн биш, энгийн л нэгэн сонсогч тул түүний хувьд зүгээр л зөрөн өнгөрөх нэгэнтэй адил билээ. Харин аугаа хүмүүс зөвхөн үгээрээ бус, хийж бүтээснээрээ, ердөө л байгаа байдлаараа бусдын сэтгэлд хүрч, хонгилын үзүүр дэх гэрлийг харуулах шиг, явах замаа олохгүй тээнэгэлзэн, төөрөлдөн байгаа нэгэнд зүг чигийг нь зааж чаддаг юм байна.

Би сайн сайхан зүйлд догдолж, бусдын хийсэн сайн үйлсэд талархаж уярдаг, хэрэндээ л хүн чанар маань оргүй алга болчихоогүй юм болов уу гэж өөрийгөө боддог, гэвч яг л түүний гаргасан шийдвэр шиг тийм л ариун зүйлийг хэзээ ч хийж зориглохгүй хувиа бодсон эгэл хүн санж.

Аугаа итгэл үнэмшил, хайр, чин сэтгэл. Гэвч тийм том золиос байх ёстой гэж үү? Хэмжээ гэдэг юунаас чухал гэдгийн баталгаа энэ юм болов уу?

Ямартаа ч тэр бяцхан аялалаас их л сайхан амар тайван байдал, өөрийгөө сайн тал руу өөрчилж, хувь хүнийхээ хувьд сэтгэл, сүнслэг байдлаараа ахиж дэвшихийг хүссэн урам зоригтой буцаж ирлээ. Гэхдээ энэ урам зориг, хүсэл тэмүүллээ алдахгүй байхын тулд өөртөө ямагт л түүнийгээ сануулах зүйлийг хиймээр байна. Зүгээр л нэгэн агшинд сэтгэл догдлоод мартчихмааргүй байна, надад итгэл өгсөн тэр л сэдлийг өөртөө үргэлж хадгалмаар байна. Би ч бас бусдад гэрэл гэгээг харуулмаар байна.

Яавал би тэр гэрэлд дөхөж очих вэ? Яаж зүгээ чигээ алдахгүй түүн рүү урагшлах вэ? Санаа бодлоо хуваалцаж, зөвлөгөө өгвөл маш их баярлана шүү. Бүгдээрээ өөрийн явсан замдаа дэнлүү асаан үлдээе, магадгүй бусад хүнд замаа олоход нь гэрэл, тус болж болох юм.

No comments:

Post a Comment