Thursday, May 22, 2014

"Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүсийн хийдэггүй 13 зүйл"


Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс эрүүл зуршилтай байдаг. Тэд амжилт олохын тулд сэтгэл хөдлөл, бодол санаа, зан чанараа хянаж удирддаг. Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүсийн хийдэггүй эдгээр зүйлстэй танилцана уу, үүнийг мэдсэнээр та ч мөн адил оюун санаагаа илүү хүчирхэг болгох боломжтой.
1. Тэд өөрийгөө өрөвддөггүй
Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс байгаа орчин нөхцөл, эсвэл бусад хүмүүс тэдэнтэй хэрхэн харьцаж байгаад гомдоллож бухимддаггүй. Түүний оронд тэд амьдрал дахь өөрийн үүрэг рольд хариуцлагатай хандаж, амьдрал үргэлж амар хялбар, шударга байдаггүй гэдгийг мэддэг.
2. Бусдаас хараат байдаггүй
Өөр бусад хүмүүс тэднийг удирдахыг зөвшөөрдөггүй, бусад хүмүүст тэднийг хараат байлгах эрхийг олгодоггүй. Тэд “Даргааc болоод хамаг нерв хөдөлчихлөө” гэх мэтийн зүйлс ярьдаггүй, учир нь тэд өөрийн сэтгэл хөдлөлийг удирддаг, ямар нэгэн зүйлд хэрхэн хариу өгөх сонголт тэдний гарт байдаг.
3. Тэд өөрчлөлтөөс ичдэггүй
Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс өөрчлөлтөөс зугтах гэж оролддоггүй. Харин эерэг өөрчлөлтийг найрсгаар хүлээн авч, өөрчлөлтөд уян хатан байхыг эрмэлздэг. Тэд өөрчлөлт гэдэг гарцаагүй зүйл гэдгийг ойлгож, түүнд дасан зохицож чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.
4. Тэд хянаж чадахгүй зүйлдээ энергиэ дэмий зарцуулдаггүй
Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс ачаа тээшээ алдчихаад, эсвэл замын түгжрэлээс болоод гомдоллохыг чи сонсохгүй. Тэд харин зохицуулж чадах зүйлдээ төвлөрдөг. Тэд зарим үед тэдний хянаж, зохицуулж чадах цор ганц зүйл нь тэдний хандлага гэдгийг мэддэг.
5. Тэд хүн бүрийн санаанд тааруулах гэж санаагаа зовоодоггүй
Оюун санааны хувьд хүчирхэг үргэлж бүх хүмүүсийн сэтгэлд нийцүүлэхээр хийх шаардлагагүй гэдгийг мэддэг. Тэд үгүй гэж хэлэхээс, шаардлагатай тохиолдолд үнэнийг чангаар ярихаас айдаггүй.
6. Тооцоолсон эрсдэл хийхээс айдаггүй
Тэд болчимгүй, бодлогогүй эрсдэл хийдэггүй, харин тооцоолсон эрсдэлтэй алхмаас буцдаггүй. Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс томоохон шийдвэр гаргахаасаа өмнө эрсдэл, ололтыг дэнслэхэд цагаа зориулж, үйлдэл хийхээсээ өмнө учирч болох хохирлыг бүрэн тооцоолсон байдаг.
7. Тэд өнгөрсөндөө амьдардаггүй
Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс өнгөрсөндөө оршиж, одоо байгааг өөр байсан ч болоосой гэж дэмий мөрөөдөн цагаа үрдэггүй. Тэд өнгөрснийг хүлээн зөвшөөрч, өнгөрснөөс юу ойлгож, сурснаа хэлж чаддаг. Тэд хүнд хэцүү үеүүдээ байн байн дурсаж, сайн сайхан өдрүүдийг дэмий зөгнөн суудаггүй, түүний оронд өнөөдрөөрөө амьдарч, ирээдүйгээ төлөвлөдөг.
8. Тэд гаргасан алдаагаа дахин дахин давтаад байдаггүй
Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс өөрийн зан авир, хандлагатаа хариуцлагатай хандаж, өнгөрсөнд гаргасан алдаанаасаа суралцдаг. Ингэснээр тэдгээр алдаануудыг дахин давтаад байдаггүй. Харин, тэд урагшилж, ирээдүйд илүү сайн шийдвэрүүдийг гаргадаг.
9. Тэд бусдын амжилтад бухимддаггүй
Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс бусдын амжилтыг сайшааж, тэмдэглэдэг. Тэднийг бусад хүмүүс гүйцэж түрүүлэх үед атаархаж хорсдоггүй. Харин, амжилт гэдэг шаргуу хөдөлмөрийн дүнд ирнэ гэдгийг ухаарч, амжилтанд хүргэх боломжийн араас цуцалтгүй зүтгэхийг эрмэлздэг.
10. Анхны бүтэлгүйтлийн дараа бууж өгдөггүй
Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс бүтэлгүйтлийг бууж өгөх шалтгаан гэж үздэггүй. Харин, түүнийг өсөж дэвжих боломж болгон ашигладаг. Тэд хүссэн зүйлдээ хүрэх хүртлээ оролдож, хичээхийг эрмэлздэг.
11. Тэд ганцаараа байхаас айдаггүй
Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс үзэл санааны хувьд ганцаардахаас айдаггүй, тэд сул зогсолтыг үр бүтээлтэй байдал болгон ашиглаж чаддаг. Өөрийн хийж буй зүйлээсээ таашаал авч, бусдаас хамааралгүй байж чаддаг, ганцаараа байхдаа баяр хөөртэй, аз жаргалтай байж чаддаг.
12. Тэд, дэлхий ертөнц тэдэнд юуг ч өгөөгүй юм шиг санадаггүй
Тэд, бусад хүмүүс тэдэнд санаа тавьж, дэлхий ертөнц тэдэнд ямар нэгэн зүйл өгөх ёстой юм шиг сэтгэхүйтэй хүмүүс биш. Харин, тэд өөрийн давуу талууддаа түшиглэн боломжуудыг эрэлхийлдэг.
13. Тэд үр дүнг агшин зуур ирнэ хэмээн хүлээдэггүй
Тэд эрүүл мэндээ сайжруулах гэж, эсвэл шинэ бизнес эхлүүлэх гэж ажиллаж байлаа ч, үр дүн нь шууд, эсвэл маш хурдан гарах ёстой гэж хүлээдэггүй. Харин түүний оронд, өөрийн чадвараа, цаг хугацаагаа зориулдаг, бодит өөрчлөлт хугацаа шаарддаг гэдгийг мэддэг.

Эх үүсвэр: LifeHack /http://www.lifehack.org/articles/communication/13-things-mentally-strong-people-dont.html/
Read More... "Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүсийн хийдэггүй 13 зүйл"

Sunday, April 13, 2014

Ээжийн хийдэг шөл

        Бид үнэ цэнийг нь мэдэрдэггүй нандин зүйлс амьдралд хэтэрхий олон байх юм. Тэд заримдаа гэнэтийн санаанд оромгүй үйл явдлаар танигдах хүртэл бид бүрэн дүүрэн ухаарч чаддаггүй. Энэ бол ээжийн минь бидэнд хийж өгдөг байсан шөлний тогоотой холбоотой.
        Би одоо ч хөх, цагаан паалангаар бүрсэн амсрыг нь, дотор нь пүл пүл хийн буцалж байдаг бөмбөлгүүдийг, оргилон байгаа галт уулаас гарах адил уур дээш дэгдэн хөөрөхийг нь харж чадна. Үүдний хаалгаар ороход л анхилуун үнэр нь арааны шүлс асгаруулам төдийгүй сэтгэл тайвшруулах шидтэй. Ээж тэр тогооны урд зогсоод урт модон халбагаараа шөл хутган зогсож байгаа үгүйгээс үл хамааран би гэртээ байгаагаа мэдэрдэг байж билээ.
        Ээжийн хийдэг ногоотой тахианы шөлөнд жор гэж байгаагүй, амт чанарт нь байнгын ахиц гарсаар байдаг юм. Ээж минь Италийн хойд хэсэг дэх Пьемонт ууланд өсөж, жаахан охин байхдаа үеэс үе дамжин өвлөн ирсэн тэрхүү нууцыг эмээгээсээ сурчээ.
         Ам бүл олон, цагаачлагч манай гэр бүлийн хувьд ээжийн шөл, биднийг хэзээ ч өлсөхгүйн баталгаа болдог байв. Энэ бол аюулгүй байдлын бэлэг тэмдэг байв. Жор нь гал тогоонд юу байгаагаас хамаараад аяндаа бий болдог. Шөлөнд орсон орцоос хамаараад манай гэрийн эдийн засаг ямар байгааг шинжиж болно. Төмс, гоймон, шош, лууван, навчит цоохор майлз, сонгино, эрдэнэ шиш, мах орсон өтгөн шөл бол гэрийн санхүүгийн байдал сайн байгааг илэрхийлнэ. Усан шөл бол мэрзгэр цагийг гэрчлэх жишээтэй. Хэзээ ч хоол үлдээж, хаяж болохгүй, Бурхны өмнө нүгэл болно.
        Хоол бэлтгэнэ гэдэг ээжийн хувьд ариун дагшин үйл хэрэг. Түүний хувьд хоол хийх нь Бурхны алдрыг магтан дуулж буй хэрэг юм. Тогоонд орж буй төмс бүхэн, тахианы махны хэрчим, хувь бүхэнд баяр талархал шингэсэн байдаг. "Тэр харанхуй байсан ч босч гэр бүлийнхээ хоолыг бэлддэг ... Түүний хүүхдүүд өсч том болж, тэр адислагддаг" энэ үгийг унших бүрт ээж минь бодогддог.
        Нэгэн удаа ээжийн хийдэг шөл намайг ичгэвтэр байдалд ороход хүргэсэн юм, сургуульдаа танилцсан шинэхэн найзтай минь холбоотой явдал байлаа. Сол бол туранхай, хар үстэй, түүний аав нь эмч, тэднийх хотын хамгийн тансаг хэсэгт амьдардаг гээд л, тэр миний хувьд онцгой содон танил маань байв. Сол намайг үе үе гэртээ оройн хоолонд урьдаг байв. Тэднийх цагаан өнгийн дүрэмт хувцас өмссөн тогоочтой бөгөөд гал тогоо нь гял цал, гялалзаж гялтганасан гал тогооны хэрэгслүүдтэй. Хоол нь сайхан хоол байсан боловч нэг л амт шимгүй, утаа тортгонд халтартсан тогооноос иддэг гэрийн минь хоолтой харьцуулахад элэгсэг дотно байдал дутагдаж байв. Бас уур амьсгал нь хоол шигээ байлаа. Бүх зүйл хэтэрхий албархаг. Солын аав ээж эелдэг байсан боловч, ширээ тойрсон яриа мөн л албархуу, дүнсгэр байлаа. Хэн ч нэгнийгээ тэвэрсэнгүй, хамгийн ойр дотно зүйл гэхэд Сол аавтайгаа гар барьж байгаа явдал болохыг харав.
        Манай гэрт халуун дулаан тэврэлт гэдэг зуршил болсон зүйл байсан - эрчүүд, эмэгтэйчүүд, хөвгүүд, охид - хэрэв чи ээжийгээ үнсэхгүй бол "Ямар нэгэн юм болоо юу? Чи өвдөө юу?" гэж шалгаана.
        Гэвч тэр үед эдгээр бүх зүйлсээс би ичдэг байлаа.
        Сол манайд очиж оройн хоол идэхийг хүсч байгааг мэддэг байсан ч, миний хүссэн зүйл биш байв. Манайх тэднийхээс дэндүү өөр. Ямар ч айлын гэрт манай зуухан дээрх шиг тийм тогоо байхгүй, бас чамайг гэрт орж ирэхийг харангуутаа халбага, аяга бариулаад хоолны ширээнд суулгадаг тийм ээж байхгүй.
        "Америкт ингэдэг хүмүүс байхгүй шүү дээ" гэж би ээжид ойлгуулахыг хичээнэ.
        "Яахав, би тэр хүмүүс чинь биш" гэж ээж бардамнан унтууцна. "Би бол Розина. Зөвхөн солитой хүмүүс л миний хийсэн тахианы шөлнөөс татгалзана даа"
        Эцэст нь Сол манайд очиж болох уу хэмээн илэрхий асуув. Би болноо гэж хэлэхээс өөр аргагүйд хүрэв. Сэтгэл нэг л түгшүүртэй байлаа. Манай гэрийнхэнтэй хоол идээд Солын сонирхол гарцаагүй буурна гэдэгт би итгэж байлаа.
        "Ээж ээ, бид яагаад гамбургер, хачиртай талх мэтийн Америк хоол хийж болохгүй гэж?
        Тэрээр надруу хүйтэн харцаар тогтож харахад нь ахин ингэж асуух хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон.
        Солыг манайд ирдэг өдөр би маш их сандарч байлаа. Ээж болоод гэр бүлийн минь бусад 9 гишүүд түүнийг тэврэн, нурууг нь зөөлөн алгадан угтан авав.
        Удалгүй бид харлаж халтартсан, хээ хуаран сийлбэртэй аавын бахархал, баяр хөөр болсон ширээнд суув.  Ширээг албаар харуулсан, цайвар өнгийн бүтээлгээр бүтээсэн байв.
        Мэдээжээр аавыг талархал илэрхийлэн залбирсны дараагаар бид аягатай шөлтэй яах аргагүй тулах болов.
        "Сол" гээд ээж "Үүнийг юу болохыг мэдэх үү?" гэв.
        "Шөл үү?" гэж Сол хариулав.
        "Шөл биш" гэж ээж эрсхэн хэлээд, "Ногоотой тахианы махан шөл". Дараа нь тэрхүү шөлнийхөө хүчийг тайлбарласан урт, сэтгэл хөдлөл дүүрэн яриаг эхлүүлэв: толгой өвдөхөд, ханиад хүрэхэд, зүрх өвдөх, хоолны шингэц муудах, тулай болон элэгний эмгэг хууч өвчинг хэрхэн анагаадаг талаар ярив.
        Солын булчинг барьж үзээд, энэ шөлийг ууснаар Итали-Америкийн баатар Чарлз Атлас шиг хүчтэй болох болно хэмээн үнэмшүүлэв. Би дороо хулмалзан, Сол найзыгаа хамгийн сүүлийн удаа харж байгаа минь гэж бодож байлаа. Тэр ийм этгээд хүмүүс, жигтэй аялга, хачин хоол гэх мэт зүйлстэй гэрт дахин хэзээ ч ирэхгүй байх.
        Харин гайхалтай нь, Сол өөрийн аяган дахиа дуусгачихаад дахин 2 удаа нэмүүлэв. "Энэ шөл надад үнэхээр таалагдаж байна" гээд, тамшаалан залгилна.
        Сол явах үедээ "Танай гэр бүл үнэхээр сайхан юм аа" гэж итгэлтэйгээр хэлээд, "Залуу минь, чи үнэхээр азтай юм" гэж нэмж хэлэв.
        Түүнийг гудамжаар уруудан, гараа даллан, инээмсэглэх үед нь Азтай гэнэ ээ? гэж би гайхан үлдэв.
        Ямар их азтай байсныгаа би өнөөдөр л мэдлээ. Манай гэрийн ширээнд сууж байхдаа Солын мэдэрсэн тэрхүү халуун дулаан байдал бол ээжийн тахианы шөлний биеийн болон сэтгэлд өгөх халуун илчээс хамаагүй илүү байжээ. Тэр бол жинхэнэ дайллага нь хайр байсан, гэр бүлийн жинхэнэ баяр хөөр байсан байж.
        Ээж маань олон жилийн өмнө өөд болсон. Ээжийг нутаглуулсны маргааш хэн нэгэн тахианы шөлний тогооны доорх хийг унтрааж, тэр л сайхан эрин үе дөлтэй нь хамт холдон одсон юм. Тансаг найрлаганд нь пүл пүл хийн буцлах ариун хайр, итгэл үнэмшил, өнөөдөр ч миний зүрхийг дулаацуулж байна.
        Сол бид хоёрын нөхөрлөл олон жилийн турш үргэлжилсээр байгаа. Би түүний хуримын гэрч нь болсон. Саяхан би тэднийд оройн хоол идэв. Тэр бүх хүүхдүүдээ тэвэрч, тэд ч намайг тэвэрлээ. Түүний эхнэр уур савссан аяга шөл авчрав. Тэр нь ногоо, мах элбэгтэй өтгөн тахианы шөл байлаа.
        "Хэй, Лео" "Үүнийг юу болохыг мэдэх үү?" хэмээн Сол асуув.
        "Шөл үү?" хэмээн би инээмсэглэн хариулав.
        "Шөл гэнэ ээ?" хэмээн тэр эгдүүцээд "Энэ бол тахианы шөл". Ханиад хүрэх, толгой өвдөх, хоолны шингэц муудсан үед анагаах шидтэй. Элгэнд чинь сайн! хэмээн ирмэв.
        Надад дахин гэртээ байгаа юм шиг санагдлаа. 

Read More... Ээжийн хийдэг шөл

Wednesday, March 19, 2014

Гэрэл

Гэртээ ирээд аялалын тоосоо гөвж байна, хэхэ. Цүнхнээс маань эдгээр 2 өдөр уулзсан хүмүүсийн нэрийн хуудсууд гарч ирэв. Уулзсан хүмүүсээс зэрэг зиндаа, одоогийн байр сууриараа хамгийн дээгүүрт үнэлэгдэх нэгэн удирдагч надад бусдаас илүү сэтгэгдэл үлдээжээ. Гаднаасаа удирдагч хүнийг би ямраар төсөөлдөг, тийм л төрхтэй, өндөр нуруутай, буурал үстэй, нүдэнд дулаахан, өөртөө итгэлтэй, тусгаар нэгэн. Түүний хийж бүтээсэн зүйлстэй танилцаж, бас хувийн амьдралынх нь талаар нэгэн түүхийг сонсоод түүний гайхалтай итгэл үнэмшил, бусдын төлөөх, нийгмийн төлөөх чин сэтгэл, бас хэнээс ч гарамгүй аугаа зоригийг нь бишрэн үлдэв. Би тухайн уулзалтад чухал хүн биш, энгийн л нэгэн сонсогч тул түүний хувьд зүгээр л зөрөн өнгөрөх нэгэнтэй адил билээ. Харин аугаа хүмүүс зөвхөн үгээрээ бус, хийж бүтээснээрээ, ердөө л байгаа байдлаараа бусдын сэтгэлд хүрч, хонгилын үзүүр дэх гэрлийг харуулах шиг, явах замаа олохгүй тээнэгэлзэн, төөрөлдөн байгаа нэгэнд зүг чигийг нь зааж чаддаг юм байна.

Би сайн сайхан зүйлд догдолж, бусдын хийсэн сайн үйлсэд талархаж уярдаг, хэрэндээ л хүн чанар маань оргүй алга болчихоогүй юм болов уу гэж өөрийгөө боддог, гэвч яг л түүний гаргасан шийдвэр шиг тийм л ариун зүйлийг хэзээ ч хийж зориглохгүй хувиа бодсон эгэл хүн санж.

Аугаа итгэл үнэмшил, хайр, чин сэтгэл. Гэвч тийм том золиос байх ёстой гэж үү? Хэмжээ гэдэг юунаас чухал гэдгийн баталгаа энэ юм болов уу?

Ямартаа ч тэр бяцхан аялалаас их л сайхан амар тайван байдал, өөрийгөө сайн тал руу өөрчилж, хувь хүнийхээ хувьд сэтгэл, сүнслэг байдлаараа ахиж дэвшихийг хүссэн урам зоригтой буцаж ирлээ. Гэхдээ энэ урам зориг, хүсэл тэмүүллээ алдахгүй байхын тулд өөртөө ямагт л түүнийгээ сануулах зүйлийг хиймээр байна. Зүгээр л нэгэн агшинд сэтгэл догдлоод мартчихмааргүй байна, надад итгэл өгсөн тэр л сэдлийг өөртөө үргэлж хадгалмаар байна. Би ч бас бусдад гэрэл гэгээг харуулмаар байна.

Яавал би тэр гэрэлд дөхөж очих вэ? Яаж зүгээ чигээ алдахгүй түүн рүү урагшлах вэ? Санаа бодлоо хуваалцаж, зөвлөгөө өгвөл маш их баярлана шүү. Бүгдээрээ өөрийн явсан замдаа дэнлүү асаан үлдээе, магадгүй бусад хүнд замаа олоход нь гэрэл, тус болж болох юм.
Read More... Гэрэл